Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг түүхт 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлаа зохион байгууллаа

Тус эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, практикт нэвтрүүлэх, үр дүнг хэлэлцүүлэх зорилгоор “Эрдмийн чуулган-VII” эрдэм шинжилгээний хурлаа эмнэлгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн эрдмийн чуулганд АШУҮИСургууль, УГТЭмнэлэг, ХСҮТөв, НЭМҮТөв, Дорнод аймгийн БОЭТ, 401-р хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний хэлтэс зэрэг эмнэлгүүдээс нийт 50 орчим эрдэм шинжилгээний бүтээл ирүүлснээс 9 аман илтгэл, 7 ханан илтгэл хэлэлцэгдэж, аман илтгэлээс Тэргүүн байрыг тус эмнэлгийн Мэдрэлийн их эмч, ахмад Ч.Өнөржаргал нарын “Нойрны чанарын питтсбургийн асуумжийн монголчилсон хувилбарыг хэрэглэсэн дүн” сэдэвт судалгаа, Дэд байрыг тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, ахлах дэслэгч Д.Цэгмид нарын “Цөсний чулуугаар үүсгэгдсэн нарийн гэдэсний механик түгжрэлийн тохиолдол” сэдэвт судалгаа, Гутгаар байрыг тус эмнэлгийн Дотор II тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, дэд хурандаа А.Туяа нарын “Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний шалтгаан болон дурангийн шинжилгээнд илрэх өөрчлөлтийг харьцуулан судалсан дүн” сэдэвт судалгаа шалгарлаа.

Ханан илтгэлийн төрөлд Тэргүүн байрыг тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, дэд хурандаа Б.Ариунжаргал нарын “Гэмтлийн дараа тамирчдын спортод аюулгүй эргэн ирэх хугацаа болон чадварт сэргээн засах эмчилгээг хэрхэн нөлөөлж буйг судалсан нь” сэдэвт судалгаа, Дэд байрыг тус эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасгийн их эмч, дэслэгч Э.Загарзүсэм нарын “Гар сарвууны гэмтлийн зөөлөн эдийн дутмагшлыг нөхөн сэргээх үе шатат мэс заслын тохиолдол” сэдэвт судалгаа тус тус шалгарлаа.

Уг хурлын зочин илтгэгчээр БНСУлсын Дизайн эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Ян Ги Сэн, МУИС-ШУС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Эрдэнэ-Очир нар оролцсон бол шүүгчээр АУ-ны доктор, профессор, АШУҮИС, АУС, Уушги харшил судлалын тэнхимийн багш Д.Ичинноров, АУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС, НЭМС-ийн Эпидемиологи биостатистикийн тэнхимийн багш Ц.Энх-Оюун, АУ-ны доктор, АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхимийн эрхлэгч Б.Баатарсүрэн нар ажиллаа.

Эрдэм шинжилгээний хурлын зочин илтгэгч, шүүгч нар, бүтээлээ ирүүлсэн нийт судлаач нарт болон хамтран ажилласан “Монфа трейд” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.