Нойрны төв


  • 2018 онд улсын эмнэлгүүдийн хэмжээнд анх удаа нойрны төвийг байгуулсан ба өнөөдрийн байдлаар нийт 202 хүнд нойрны олон үйлдэлт бичлэг хийсэн байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монголд анх удаа “Нойрны төв”-ийг үүсгэн байгуулаад байна. Эл өдөр Дэлхийн нойрны өдөр тохиож буйтай холбогдуулан “Нойрны төв” үүд хаалгаа албан ёсоор нээж байна.

 Тус төвийн онцлог нь нойрны эмгэгүүдийг нойрны олон үйлдэлт бичлэгийн тусламжтайгаар оношлон, шаардлагатай өвчтөнүүдэд эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээг хийж эхэлснээрээ Монголын эрүүл мэндийн салбарт анхлан нойр судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Эмнэлэг нь өнгөрөгч онд Бүгд Найрамдах Австри улсын 7 сая еврогийн төслийг амжилттай хэрэгжүүлж багаж тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийсэн бөгөөд уг ажлын хүрээнд Герман, Австри улсын Сомномедикс компанийн Нойрны олон үйлдэлт бичлэгний багаж хоёр, Японы Койка Медикал компанийн Эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний гурван  багажтайгаар Нойрны төв нь  олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ явуулахад бэлэн болоод байна.

Нойрны эмгэг нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудал бөгөөд  2018 онд хийгдсэн судалгаагаар АНУ-д 40 сая хүн нойрны эмгэгтэй байна гэж бүртгэгдсэн ба дэлхийн хүн амын 4-10% нь нойронд амьсгал тасалдах эмгэгтэй, 22% нь хөл үечлэн хөдлөх эмгэгтэй байна гэсэн тоо баримт байдаг. Манай оронд 2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар хүн амын 32% нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Нойр нь эрүүл амьдрахын үндэс суурь бөгөөд нойрны эмгэгээс болж даралт тогтвортой ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах, бэлгийн үйл ажиллагааны сулрал гэх мэт ноцтой хүндрэлүүдийг дагуулж байдаг тул нойрны эмгэгийг эрт илрүүлэн оношлон, эмчлэх, урьдчилан сэргийлэх нь хүн амын эрүүл амьдрах гол хүчин зүйл юм.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.