“НУРУУ, НУГАСНЫ ЭМГЭГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга техник, технологийг нутагшуулах, бусад улс орнуудын чиг хандлагатай хөл нийлүүлэх, үйлчлүүлэгчиддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд, олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор Спортын гэмтлийн оношилгоо, эмчилгээний Олон улсын хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Нуруу, нугасны эмгэгийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд олон улсын хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд тус хуралд БНТУлсын Безмиалем их сургуулийн эмнэлэг, БНСУ-ын Дизайн эмнэлэг, АШУҮИСургууль, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөх эмч нар болон Мэдрэлийн мэс заслын тэргүүлэх эмч нар оролцож, спортоос шалтгаалсан гэмтлийн оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, олон улсын эмч нартай туршлага солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.  

Тус хурлын илтгэгчдээр:

  • ТТАХНЭмнэлгийн Мэдрэлийн мэс заслын их эмч, ахмад Б.Анар “Нуруу, нугасны гэмтлийн үеийн мэс заслын эмчилгээний зарчим” сэдвээр;
  • БНСУ-ын Дизайн эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын их эмч, АУ-ны доктор, профессор Яан Ги Сэн “Тархины судасны хүнд хэлбэрийн цулхэнгийн стенттэй урсгал өөрчлөх” сэдвээр;
  • БНТУ-ын Безмиалем их сургуулийн эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын их эмч, дэд профессор Нух Мехмет Элмада “Нуруу, нугасны хавдрын үеийн мэс заслын эмчилгээний арга техник” сэдвээр;
  • АШУҮИС-ийн Бие бялдар судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Мөнх-Эрдэнэ “Нурууны өвдөлтийн үеийн хөдөлгөөн заслын оношилгоо, эмчилгээ” сэдвээр;
  • УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын их эмч, АУ-ны магистр Ж.Батзаяа “Бүсэлхий нурууны нарийслын оношилгоо, эмчилгээ” сэдвээр;
  • УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төв, Мэдрэлийн мэс заслын их эмч, АУ-ны магистр М.Золбоо “Шууны хугарамтгай хэсгийн хугарлын дараа шууны мэдрэлийн хавчигдалд хийсэн мэс засал” сэдвээр;
  • УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төв, Мэдрэлийн мэс заслын их эмч Б.Тулга “Нурууны тогтворгүйтгэлийн бичил хүрцийн арын бэхэлгээт мэс засал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Нэн чухал сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн илтгэгч нар, хуралд оролцсон нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ болон тус хурлыг хамтран зохион байгуулсан Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбоо, ивээн тэтгэж оролцсон Монгол эм импекс концерний хамт олонд ТТАХНЭмнэлгийн зүгээс талархал илэрхийлье.

 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.