ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, практикт нэвтрүүлэх, үр дүнг хэлэлцүүлэх зорилгоор “Эрдмийн чуулган-VI” эрдэм шинжилгээний хурлаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн эрдмийн чуулганд 50 орчим эрдэм шинжилгээний бүтээл ирүүлснээс 9 аман илтгэл, 6 ханан илтгэл хэлэлцэгдэж, аман илтгэлээс Тэргүүн байрыг тус эмнэлгийн Мэдрэлийн ахлах зэргийн эмч, АУ-ны магистр, хошууч Д.Шүрэн нарын “ТТАХНЭмнэлгийн Нойрны төвөөр үйлчлүүлэгсдийн дундах нойронд амьсгал тасалдах эмгэгийн эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүйн онцлог” сэдэвт судалгаа, Дэд байрыг тус эмнэлгийн Мэдээгүйжүүлгийн их эмч, хошууч Т.Мөнхбат нарын “Мөрний үений дурангийн мэс засалд мөрний сүлжээний хориг болон опийн бүлгийн эмүүдээр өвдөлт намдаасан үр дүнг харьцуулан судалсан нь” сэдэвт судалгаа, Гутгаар байрыг тус эмнэлгийн Дотрын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, дэд хурандаа Н.Цэндсүрэн нарын "Ходоодны эрт үеийн хавдар ба салстын доод давхаргаар нь хуулах дурангийн эмчилгээ” сэдэвт судалгаа, Ханан илтгэлийн төрөлд Тэргүүн байрыг УГТЭ-ийн ХБЭСТасгийн их эмч, АУ-ны магистр Х.Хулан нарын “SARS-Cov-2 халдварын дараах цочмог энцефаломиелит” сэдэвт судалгаа, Дэд байрыг ТТАХНЭ-ийн Мэдээгүйжүүлгийн тэргүүлэх зэргийн эмч, ахмад Г.Норовсүрэн нарын “Шинэ коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эмчлүүлэгчид уушгины артерийн бүлэнт бөглөрлөөр хүндэрсэн эмнэлзүйн тохиолдол” сэдэвт судалгаа тус тус шалгарлаа.
Уг хурлын зочин илтгэгчээр БНТурк улсын “Мэдикал парк групп” эмнэлгийн мэс заслын эмч, АУ-ны доктор, профессор Азиз Сумер, АУ-ны доктор, профессор, МУ-ын Төрийн соёрхолт, УНТЭ-ийн Урологи андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлах Д.Баян-Өндөр нар оролцсон бол шүүгчдээр АШУ-ны доктор, профессор, МУ-ын Төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэх төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэх үндэсний багийн зөвлөх О.Сэргэлэн, АШУҮИС-ийн НЭМС-ийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор М.Сугармаа, АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвийн дарга, Эмнэлзүйн лабораторийн тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Т.Хосбаяр нар ажиллалаа.
Эрдэм шинжилгээний хурлын зочин илтгэгчид, шүүгчид, бүтээлээ ирүүлсэн нийт судлаач нартаа болон хамтран ажилласан “Денкфарм” ХХК, “Монфа трейд” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.