ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ “ТАРХИНЫ ХАРВАЛТЫН НЭГЖ”-ИЙГ БАЙГУУЛАН, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛЛАА

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-өөр мэдрэлийн тусламж үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, цар хүрээг тэлэх, улсын томоохон эмнэлгүүдэд ирэх ачааллаас хуваалцах зорилгоор “Тархины харвалтын нэгж”-ийг байгуулан үйл ажиллагаанд орууллаа.

Жил бүр дэлхий дахинд 17 сая хүн тархиндаа цус харваж, үүнээс 6,5 сая хүн нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу үлддэг ба 6 секунд тутамд нэг хүн харвалтад өртөж байгаа гэсэн судалгаа байдаг.

Монгол Улсын хэмжээнд зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын дийлэнх хувийг тархинд цус харвалт, зүрхний шигдээс эзэлж, 2020 онд тархинд цус харвалт 24.5%, зүрхний шигдээс 41.9%-ийг эзэлж байна.

Тус эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд тархины цочмог харвалтын эзлэх хувь 2018 онд 2 хувь байсан бол 2021 онд 6 хувь болж, жилээс жилд өсөх хандлагатай байна.  

МУЗГазрын мөрийн хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогуудад тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нь “Тархины харвалтын нэгж”-ийг байгуулснаар үйлчлэх хүрээний албан хаагчдад үзүүлэх харвалтын эрсдэлийг эрт оношлох, хүртээмж нэмэгдэх, цал алдагүй тусламж үйлчилгээг үзүүлэх, харвалтын дараах хүндрэлээс сэргийлж чадамж бүрдэн хэмээн төлөвлөж байна.

 

 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.