Л.Баттар: тэтгэвэрт гарахдаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт орсон байх шаардлага тавьчих хэрэгтэй

Уншигч та бүхэнтэйгээ ТТАХНЭ–ийн Ерөнхий захирал Л.Баттөрийг уулзуулж байна. Тэрээр олон улсын эмнэлгийн байгууллагуудын менежментийг түлхүү судалж, эрүүл мэндийн салбартаа шинэлэг үйлчилгээ, орчин үеийн стандартыг нэвтрүүлэгч юм. Түүнтэй өнөөдөр эмнэлгүүдийн болон урьдчилан сэргийлэх үзлэгийн менежмэнтийн талаар ярилцлаа. 

 

Урьдчилан сэргийлэх үзлэгт хэн, хэзээ орох ёстойгоо хэрхэн мэдэж, хамрагдах ёстой вэ? 

Урьдчилан сэргийлэх үзлэг бол бүх л насныханд хамаатай асуудал. Гэхдээ хүн хэдийд ямар өвчин эмгэгт өртөж болох эрсдлийг дэлхий нийтэд тогтоочихсон байгаа. Тэгэхээр хэдэн насандаа ямар урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт орох ёстой гэдэг нь үүнээс тодорхой болдог. Хүмүүс тухайн насандаа хийлгэвэл зохих шинжилгээгээ зайлшгүй хийлгэж, мөн давтамжийг нь мөрдөх нь чухал.

Манай улсын иргэдэд ямар боломж байдаг вэ гэхээр ЭМД–ын үндэсний зөвлөлөөс баталсан “Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц” гэж бий. 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн ангилалтай. Эдгээр насныхан ямар шинжилгээ өгвөл оновчтойг тодорхой заасан байдаг ба зөвхөн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг зорилготой.

Урьдчилан сэргийлэлтийг өргөн утгаар нь авч үзвэл АНХДАГЧ, ХОЁРДОГЧ, ГУРАВДАГЧ урьдчилан сэргийлэлтүүд байна.

Хоёрдогч нь өвчний дахилтаас сэргийлэх, буцаад эрүүл амьдралын хэв маягт оруулахад чиглэсэн, гуравдагч нь өвчний цаашдын архаг хүндрэлээс сэргийлэхийг хэлдэг. Өвчилсөн ч гэсэн энэ 2 сэргийлэлтийг сайн хийж чадвал амьдралын чанар сайжирч, дундаж наслалт уртсах боломжтой. Гэхдээ зардал өндөртэй арга хэмжээ. Гэтэл хамгийн чухал урьдчилан сэргийлэлт буюу “анхдагч” сэрийглэлтээ бид төдийлөн ач холбогдол өгөхгүй байна уу гэж харж байна.

Ялангуяа халдварт бус өвчинд хүргэж буй анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийг бууруулснаар өвчлөлийг бууруулах боломжтой. Анхдагч гэдэгт архи, тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт зэрэг ордог. Эдгээрийг бид өдөр бүрийн амьдралдаа хүлээн зөвшөөрдөг хэрнээ, маргааш нь эмнэлэгт биеэ үзүүлээд явж байгаа нь угтаа буруу юм. Нөгөө талдаа орчин үеийн эрүүл мэндийн байгууллагууд маань анхдагч урьдчилан сэргийлэлтэд манлайлан уриалагч, арга зам, учир шалтгааныг нь мэргэжлийн түвшинд ухуулан тайлбарлагчид байх ёстой болчихсон юм.

Урьдчилан сэргийлэх үзлэг хүний амьдрал, амь нас эрүүл мэндэд хэр чухал байр суурь эзлэх ёстой зүйл гэж та хэлэх вэ? 

Урьдчилан сэргийлэлтийн талаар хүн бүхэн өөрийн гэсэн ойлголттой болж, ач холбогдол өндөр зүйл юм байна гэдгийг ойлгочихсон байгаа нь өнөөдрийн маш том давуу тал. Гэхдээ тэр хүмүүс гэрээсээ гараад тухайн бодол ойлголтоо хэрэгжүүлье гэхэд л асуудал үүснэ.

Иргэн төлсөн даатгалынхаа үр шимийг хүртэж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тогтолцоо, нөхцөл нь манай эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн гүйцэд бүрдээгүй.

Өнөөдөр урьдчилан сэргийлэх үзлэт оръё гэсэн хүн олон байгаа байх. Гэхдээ тэр хүн гараад өрхийн эмнэлэгтээ очих уу эсвэл дүүрэг аймгийн эмнэлэгтээ юу? Аль эсвэл гуравдугаар шатлалтын гэх эмнэлгүүдэд очих ёстой юм уу гэдэг асуулттай тулгарч байна. Үүнийг хэлээд байна уу? 

ЭМД–ын үндэсний зөвлөлөөс баталсан урьдчилан сэргийлэх үзлэгийн багц байдаг гэж би ярианы эхэнд цухас дурдсан. Үүнийхээ дагуу уриалаад л байгаа харагддаг. Гэхдээ яг яаж, хаана орох вэ гэдгийг ерөөсөө тайлбарлаж хэлдэггүй. Яагаад гээд харахаар яг үнэндээ тэр арга зам нь ихэнхи улсын эмнэлэгт байхгүй. Та 35 наснаас дээш эмэгтэйчүүдийн багцад хамрагдъя гээд сонголоо. Энэ багцын дагуу бол умайн хүзүүний хавдрын шинжилгээ, өөх тосны солилцоо, сахар үзүүлэх нь. ЭХО-д харуулна, цусны шинжилгээ өгөх болно. За эдгээр шинжилгээгээ иргэн А дүүргийн нэгдсэн эмнэлэгтээ өгөхөөр очлоо гэж бодъё. Уучлаарай та амбулаторийн үйлчлүүлэгчидтэй давхцаад нэг өдөр биш нэг долоо хоног энэ шинжилгээндээ зарцуулж мэдэх юм. Ийм байдлаас болоод хүмүүс шинжилгээнээс халширч, эмнэлэгт очдоггүй. Эцэстээ тэр хүн өвдөж байж л эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадна.

Манай эмнэлгүүдийн бараг 90 хувь нь өвдсөн хүмүүст л үйлчилж байна. Өвдөөгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх хүсэл зорилготой иргэдэд ээлтэй тогтолцоо нь байхгүй.

ОУ-д ямар байгааг харах юм бол урьдчилан сэргийлэх төв буюу Health promotion center–ийг маш сайн зохион байгуулж, ажиллуулж буй явдал. Үүнийг манай энгийн иргэд, эмч, эмнэлгийн дарга нар бүгдээрээ мэддэг ч хэрэгжилт төдийлөн сайн биш байгаа.

Хавдраар өвдөж байгаа хүмүүсийн 80 хувь нь хожуу шатандаа, дөнгөж 20 хувийг эрт үед нь илүүлж байна гэж яриад байгаа. Магадгүй энэ хувь хүний асуудал байхаас гадна салбарын тогтолцооны гажууудлаас үүсч буй асуудал гэж хэлж болох уу? 

Ер нь тогтолцоо бол бүх юмны суурь гэж ойлгож болно. Эмч алдаа гаргалаа гэхэд тэр алдаа яагаад гарав гэж ганц эмчийг яриахаас илүү ямар систем тогтолцоон дор ажиллаж байна вэ гэдгийг л харах, засах цаг ирсэн. Тогтолцоо алдаатай бол тэр системд байгаа зүйлст алдаа, гажуудал гарсаар л байх болно. Та мэдэж байгаа 2020 оны нэгдүгээр сараас хавдрын долоон төрлийн эрт илрүүлэг хийнэ гэж мэдээ явсан. Үүний дагуу би гараад аав, ээжийгээ үзүүлье гэвэл уучлаарай би яахаа мэдэхгүй байна. Хаана очих уу, хэнд хандах уу? Бүтэц, нэгж нь байхгүй юм чинь яаж хаана хийх юм бэ? Тэгээд цааш нь яривал өнөөх урьдчилан сэргийлэх үзлэгийн насны багц, хавдрын эрт илрүүлгийн багц хоёр нь давхацчихсан байх жишээтэй. Энэ хоёрын уялдаа холбоо алга байна.

ЭМ–ийнхээ системийг өвдөөгүй хүмүүстээ ээлтэй болгочихвол өвдөх хүмүүсийн тоо магадгүй багасч, өвчин эрт үедээ илэрч үүнийг дагаад маш олон эерэг үр дүн ирнэ, тогтолцоогоо засъя гэж байна тийм үү? 

Зөв зохион байгуулалт бий болж урьдчилсан сэргийлэлт давамгайлсан үед л эрүүл хүн, чанартай амьдрал орших боломжтой.

Бүх ард иргэдийг жил бүр 100 хувь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломжгүй. Тиймээс надад нэг санаа байдаг. Тайлбарлаж яривал маш урт зүйл болно. Тиймээс жишээ болгоод хэлье. 12–р ангиа төгсөж буй хүүхдүүд гэрчилгээгээ авахад нь ЭМ–ийн зохих үзлэг шинжилгээ бүрдүүлж өгөх ёстой гэсэн шаардлага тавьчих хэрэгтэй. Ингэвэл Монгол улс залуучуудынхаа ЭМ–ийн талаар маш том мэдээллийн сантай болно. Тэгээд 25, 45 насандаа иргэний үнэмлэхээ шинээр солиход нь ч юмуу дахиад үзлэгт орсон байх шаардлага тавьчихвал тэр хүн үзлэг шинжилгээндээ орох л болно. Мөн тэтгэвэрт гарах нас бол тухайн хүний ЭМ–ийн хувьд эрсдэлтэй нас. Тэтгэвэрт гарахад бүрдүүлэх нэг материал нь ЭМ-ийн үзлэгт хамрагдсан байх буюу хүн бүхэнд хавдрын маркераа үзүүлээд, урьдчилан сэргийлэх үзлэгтээ орох шаардлага тавьчих хэрэгтэй. Тэр хүн тэтгэвэрээ тогтоолгохын тулд нэг төрлийнх нь бичиг баримтыг бүрдүүлж буй мэт боловч маш том давуу талыг өөрийн амьдралдаа үүсгэнэ. Хамгийн эрсдэлтэй насандаа шинжилгээндээ ороод авчихна. Ингэж тогтолцоог нь бүрдүүлж, хөшүүрэг хийж байж л урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгүүдийг үр дүнтэй болгоно. Ийм маягаар иргэдийнхээ эрүүл мэндийн мэдээллийн маш том сантай болчихвол гарах бодлого, хэрэгжүүлэх ажил нь оновчтой болж үр ашиг нь дээшилнэ гэж боддог.

Өнөөгийн нөхцөл байдалд бидний ихэнх нь би 40 нас хүрчихлээ, за шинжилгээнд оръё гэхгүй л байгаа биз дээ. Зарим томоохон төв эмнэлэгт 35-44 насны багцад оръё гэвэл бүрэн боломжгүй байдаг. Жишээ нь тэр эмнэлэгт эмэгтэйчүүдийн шинжилгээг хийлгэх ямар ч боломжгүй. Эмэгтэйчүүдийн эмч нь байхгүй юм чинь та яаж хийлгэх юм. Ингээд л бид заримдаа бодит амьдрал дээр хэрэгжихгүй, тогтолцоо нь байхгүй юмаа яриад л яваа гэсэн үг шүү дээ.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн менежментийг зөв хийж чадвал хувь хүний эрүүл мэндийг хамгаалж чадахаас гадна санхүүгийн хувьд маш олон эрсдлийг давхар хаах боломж гэж би харж байна. Та санал нийлэх үү? 

ЭМД–ын үндэсний зөвлөлөөс баталсан урьдчилан сэргийлэх үзлэгийн багцын төлбөр 100 хувь ЭМ–ийн даатгалаас санхүүждэг. Үүний тайланг би сар бүхэн хардаг л даа. Сар сараар гардаг юм. Гэхдээ аль эмнэлэгт хэдэн хүн хамрагдлаа гэж гардаггүй. Хувийн эмнэлгүүд л хэрэгжүүлдэг юм болов уу гэж бодоод байгаа. Учир нь улсын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийн төв дөнгөж саяхнаас бий болж эхэлж байгаа шүү дээ. Улсын эмнэлгүүдэд энэхүү тогтолцоог бий болговол ард иргэд өвчилсөн хойноо санхүүгийн дарамтанд орох асуудал буурна.

Чи хэрвээ ерөнхийлөгч байсан бол гэдэг шиг таныг ЭМ–ийн даатгалын санг зарцуулах менежмент хий гэвэл та ямар бодлого боловсруулах вэ? 

Үүн дээр ЭМ–ийн санхүүчид их юм хэлдэг л дээ. Ерөөсөө судалгаа хий л гэдэг. Энэ салбарын төлөөллийн хувьд өөрийн бодлоо хэл гэж байх шиг байна. Миний бодол ерөөсөө маш сайн хяналт тавьж, гүйцэтгэлээр нь ЭМ–ийн сангийн санхүүжилт олгоочээ л гэж хэлмээр байдаг. Манай эмнэлгийг жишээ нь 10000 хүн зориод ирвэл тэдэнд үйлчилгээ үзүүлсний төлбөр манай эмнэлэгт орох л хэрэгтэй. Гэтэл жилийн хугацаанд 7000 хүн л үз гэчихдэг. Тэхээр ямар ч өрсөлдөөн байхгүй. Эмч нар ч гэсэн 10 эсвэл 50 хүн үзсэн ч ялгаагүй адилхан цалин авна гэсэн үзлээр хандах нэг нөхцөл болоод байх шиг. Манай хамт олонд энэ жил танайх 7000 хүнд үйлчил гээд санхүүжилт өгчихсөн байхад бид 10000 хүнд үйлчилж яах юм гэдэг л санаа. Хэрвээ даатгалын мөнгийг нь хийснээр нь олгоод эхэлбэл эмнэлгүүдийн ажил, үйлчилгээний хурд чанар өөрийн мэдэлгүй л сайжраад явчихна. Мэдээж хяналт сайн хийх ёстой. Олон хүн үзсэн гээд л хуурамчаар бүртгэл явуулаад байх магадлалтай шүү дээ.

Эмчийн үзлэгийн цаг захиалах, шинжилгээ хийлгэхэд урьдчилгаа төлбөр төлдөггүй. Энэ байдлыг засвал олон эерэг нөлөө гарна. Тодорхой төлбөр авдаг болчихвол шаардлагагүй шинжилгээнүүд буурна, иргэн хариуцлагатай болно.

Даатгал дээр ерөөсөө сонголт байдаггүй бас асуудалтай. Та улиралдаа ердөө 165 мянган төгрөгийн шинжилгээ оношлогоонд орох эрхтэй. Гэтэл илүү төлбөр төлөөд илүү үйлчилгээ авмаар байгаа ч боломжгүй. Нэг хүн MRI шинжилгээ хийлгэлээ гэхэд тухайн улирлын 165 мянган төгрөг нь хасагдаад зөрүүг нь хувь хүн өөрөө төлөх болдог. Өөр нэг санаа гэвэл хувийн эрүүл мэндийн даатгалыг улсын эмнэлэг рүү түлхүү оруулж өгөх хэрэгтэй. Манайхан улсын даатгалтай л бол болно гэж өрөөсгөл бодоод байдаг гэтэл хувийн эрүүл мэндийн даатгал гэж том боломж байдаг.

Эрүүл мэндийг дэмжих төв, Health promotion center гэдгийг улсын эмнэлгүүд дундаа танай эмнэлэг хоёр жилийн өмнө буюу хамгийн анх байгуулсан. Үр дүн цаашдын үр өгөөжийг та хэрхэн харж байна? 

Үүссэн түүх нь их гоё л доо. Манай энэ төв улсын төсвөөс санхүүжиж байгуулагдаагүй. “Нарлаг Улаанбаатар ротари” клубийн санаачлага, дэмжлэгээр олон улсын төслөөр санхүүжсэн. Ач холбогдол бол маш их. Төрийн тусгай албан хаагчид жилдээ заавал нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох шаардлагатай байдаг. Гэтэл бүгдээрээ манайд орно гэхээр ачааллаа дийлэхгүй. Дээр нь жилдээ нэг удаа манай эмч нар МУ–ын хилийг тойрч хилчиддээ үзлэг хийдэг. Төрийн тусгай албанд шинээр орж байгаа хүн бүхэн ЭМ–ийн үзлэгт ордог. Энэ их ажил Эрүүл мэндийг дэмжих төв байгаа учраас амжилттай нугарч яваа гэж болно. Үүнээс гадна харьяа бус хувийн компани, хамт олны урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулдаг. Ингээд давсан орлого бүрдүүлэх боломжтой болдог. Мөн үйлчлүүлэгчид өвдсөн, амбулаторийн хүмүүстэй давхцахгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орно гэдэг маш том давуу тал болдог. Ийм зохион байгуулалт, систем манай улсын бүхий л шатны эмнэлгүүдэд бүрэн бий болж байж бид урьдчилан сэргийлэлт гэх ойлголтоо хэрэгжүүлж, үр дүнг нь үзэж чадна. Үүнээс гадна иргэд өөрсдийнхөө бие, эрүүл мэндэд хайртай баймаар байгаа юм.

Эмч, эмнэлгээс хүний эрүүл мэнд тийм ч их хамаардаггүй цаг ирсэн. Анхдагч буюу өвчинд таныг зөөж хүргэсээр байгаа хорт зуршил, буруу дадлуудаа анзаарч татгалзах хэрэгтэй.

Жишээ нь ходоодны дурангийн шинжилгээ байна. Уг шинжилгээг хэдэн настай хэн, хэр хугацааны давтамжтай хийж байх ёстойг заасан ОУ–ын зөвлөмж бий. Ходоодны дуран хийлгэхгүй явсаар байгаад зовиур илэрсэн үедээ эмнэлэгт очиход хоцорсон байх нь элбэг. Хэрвээ урьдчилан сэргийлэх үзлэгт орж байсан бол магадгүй улаалттай, шархлааны эрт үе дээр нь бариад авна. Нөгөө хүмүүсийн айгаад байдаг ходоодны хавдраас сэргийлэх боломж энэ үед л бүрдэнэ. Манай эмнэлэгт допплердуплексийн аппарат гээд гүрээ, тархины судасны бөглөрөл нарийслийг үздэг аппарат бий. Тухайлбал тамхи татдаг бүлгийн хүмүүс гүрээ, артерийн судасны бөглөрөл үүсч, уян хатан чанар нь алдагдах эрсдэлтэй байдаг. Үүнийгээ тооцоолоод эрт илрүүлэгт орж байвал тархины цус харвалт гэх мэт гэнэтийн өвчинд өртөхөөс сэргийлнэ. Үгүй ядаж л хэвийн үедээ өөрийнхөө даралт хэд байдгийг мэддэг баймаар байна. Томоохон ажлын байран дээр ядаж нэг даралтын аппарат байх хэрэгтэй гэдэг аян бол маш зөв юм шүү дээ. Энэ бүхэн бид халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээсээ сэргийлж байх л ёстойг хэлээд байгаа.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.