Манай эрчүүдийн дунд давсаг, түрүү булчирхайн өвчлөл эрс нэмэгдэж байна

ТТАХНЭ-ийн Мэс засал, Урологи, андрологийн их эмч Л.Алтангэрэлтэй урологи, андрологийн салбарын эмчилгээ үйлчилгээний талаар ярилцлаа. 

 

Юуны өмнө та урологи, андрологийн салбар юуг судалдаг, ямар эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлдэг талаар хэлж өгөөч?

Урологи, андролог нь анагаах ухааны томоохон салбарын нэг. Хэдийгээр мэс заслын тусламж үйлчилгээндээ хамаардаг боловч дэлхий нийтэд тусдаа салбар шинжлэх ухаан болон хөгжсөн. Нэр томьёоны хувьд “бөөр шээсний дамжуулах замын  мэс засал” гэж хэлж болно. Урологийн эмч нар андрологийн салбарыг давхар авч явдгаараа онцлогтой. Учир нь эмэгтэй хүнд ч мөн бөөрний хавдар, бөөрний чулуу, давсагны үрэвсэл, давсагны хавдар, шээс дамжуулах замын нарийсал, үрэвсэл гэх мэт олон өвчин тохиолддог учир хамтад нь авч үздэг.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн хувьд урологийн оношилгоо, эмчилгээг үзүүлэх болсон шаардлага, шалтгаан нь юу вэ? 

Манай эмнэлгийн онцлог бий л дээ. Нийт хүмүүсийн маань 80-аас дээш хувь нь эрэгтэйчүүд байдаг. Тэр дундаа цэргийн насны хүмүүс буюу залуучууд ихтэй. Ажил мэргэжлийн онцлог, хүнд хортой нөхцөлд ажилладаг нь энэ талын өвчин эмгэг үүсэх томоохон шалтгаан болж байна. Жишээлбэл, гэр бүлээсээ хол явж ажилладаг нь тогтвортой бэлгийн амьдралаас холдоход хүргэдэг. Энэ нь насанд хүрсэн эрэгтэй хүний физиологийн шаардлага хэрэгцээ хязгаарлагдаад ирэхээр түрүү булчирхай, төмсөг гэх мэт даавар, шүүрлийн эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдох магадлалыг нэмэгдүүлдэг. Онцгой байдлын ажилчид гэхэд үер усны аюултай, хүйтэн нойтон орчинд доороосоо даарч ажилладаг нь шээсний сүвээр дамжиж өгсөх замын халдварт өртөх эрсдэл үүсгэдэг. Улмаар түрүү булчирхайн архаг үрэвсэлт өвчин их байна. Мөн биеийн хүчний ачаалал их авдаг хүчний байгууллагын ажилчид төмсөгний үрэвсэлт өвчнүүд, төмсөгний хураагуур судасны өргөсөл өвчнөөр өвчлөх, үргүйдэлтэй болох асуудал хурцаар тавигдаж байгаа зэрэг нь манай эмнэлэгт урологийн эмч, эмчилгээ зайлшгүй хэрэгтэйг харуулж байгаа юм.

Манай эмнэлэг урологийн эмч, эмчилгээтэй болоод долоон сар болж байна. Урьд нь энэ чиглэлийн үйлчилгээ байгаагүй тул Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи андорологийн төвд очиж үзүүлдэг байсан. Улсын хэмжээндээ цорын ганц урологийн тасаг учраас маш их оочер хүлээлттэй байдаг. Тиймээс манайхаас урологийн эмчилгээ үйлчилгээ авдаг болсон нь олон давуу талыг бий болгож байна.

Эрэгтэйчүүдийн  дунд урологийн ямар өвчин түлхүү тохиолдож байна вэ? Шалтгаан нь юу вэ? 

Манай салбараас тэтгэвэрт гарсан настай хүмүүст монгол эрчүүдийн 60 орчим хувь нь туулж өнгөрдөг түрүү булчирхайн хоргүй томрол, тамхи татдагтай холбоотой давсагны хорт хавдрын өөрчлөлтүүд их байна. Эдгээр өвчин нь эрэгтэйчүүдийн насжилттай холбоотойгоор үүсдэг. Өөрөөр хэлбэл тархинаас үүсэх дааврын нөлөө багасаад ирэхээр түрүү булчирхайн үйл ажиллагаа доголдож томорч эхэлдэг. Эдгээр өвчлөлүүдийг мэс заслын болон эмийн эмчилгээгээр эмчлэх бололцоотой болж байна.

Урологийн тусламж үйлчилгээ нь зөвхөн төрийн тусгай алба хаагчдад үйлчилж байна уу? Хэн эмчлүүлэх боломжтой вэ?

Хамран үйлчлэх хүрээний хувьд хилийн цэргийн ажилчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилчид, цагдаагийн ерөнхий газар, хууль зүйн яам, онцгой байдлын ажилчид, чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг. Эрүүл мэндийн хуулиндаа хүн эмнэлэг эмчээ өөрөө сонгох эрхтэй байдаг учраас харьяаллын бус хүн  үзүүлэх хүсэлтэй байвал эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үйлчлүүлэх боломж бий.

 

Оношилгоо, тоног төхөөрөмжийн хүчин чадал ямар байна вэ? Хэчнээн төрлийн үзлэг шинжилгээ хийдэг вэ?

Үүсгэн байгуулагдаад удаагүй учраас дутагдалтай талууд бий. Гэвч эмнэлгийн удирдлагууд маань нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Нэн шаардлага нь байгаа учраас маш сайн дэмжин ажиллаж байгаа нь талархууштай.

Урологи, андрологийн мэс заслыг орчин үед нээлттэй аргаар болон дурангийн аргаар гэж хоёр ангилж үздэг. Манай эмнэлэгт саяхан урологийн чиглэлд зориулсан оношилгооны дурантай боллоо. Уг дурангаар: 

  • Бага хэмжээний мэс заслуудыг хийж байна. Өргөн хүрээний өргөтгөсөн мэс засал хийхэд нэмэлт тоноглол хэрэгтэй.
  • Шээс дамжуулах зам /шээс дамжуулах замд хавдар байгаа эсэх, соривжилт, тасарсан байна уу, дутуу гаж хөгжил, төрөлхийн эмгэг г.м/
  • Түрүү булчирхайн томрол /хортой болон хоргүй хэлбэрийн томрол, хагалгаанд орох заалт, шээсийг хааж байна уу гэдгийг/
  • Давсагны доторх оношилгоо /давсагны хавдар, ургацаг, үрэвсэлт өвчин/
  •  Шээс дамжуулах замын болон давсагны чулуу / шээсийг чөлөөтэй гаргах стент гуурс тавих/
  • Хавдар болон бусад сэжиглэхүйц өөрчлөлт байвал тэндээс нь эдийн шинжилгээ авах зэрэг оношилгоо, мэс заслуудыг хийж байна.

Урологийн дурангийн нэг онцлог гэвэл ажилбар хийх эрхтэн нь сүвтэй эрхтэн урчаас ямар нэг зүслэг байхгүй, шарх сорив үлдээхгүй, сүвээр дурандаж оношилж эмчилдэг.

Манай улсад урологийн салбар хэр хөгжсөн бэ? Бусад эмнэлэгт энэ төрлийн оношилгооны дуран байдаг уу?

Сүүлийн 10 гаруй жил урологийн салбар дэвшилттэй хөгжиж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи андрологийн төв гэж бий. Тэнд манай улсын хэмжээнд хамгийн том хагалгаанууд хийгддэг.

Улсын хэмжээнд миний мэдэхээр 50-60 урологийн эмч байдаг, түүний 15-20 орчим эмч нь Нэгдүгээр эмнэлэгт байдаг.

Тусдаа бие даасан урологийн тасагтай эмнэлэг одоогоор байхгүй. Ойрын хугацаанд 3-р эмнэлэгт нээхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа гэж сонссон. Хувийн эмнэлгээс Интермед, Грандмед, Сонгдо эмнэлэгт байдаг. Цэргийн төв госпиталд мөн бий. ХСҮТ-д хавдрын урологийн эмч нар, ЭХЭМҮТ-д хүүхдийн урологийн тасаг тус тус ажиллаж байна.

Танай эмнэлэгт урологийн оношилгоо эмчилгээ хийж эхэлснээс хойших 7 сарын хугацаанд хэдэн хүнд эмчилгээ үйлчилгээ, мэс заслууд хийгдсэн бэ? Ачаалал хэр байна вэ? 

Сард дунджаар дурангийн болон урологийн мэс засалд 10-15 хүн орж, өдөрт 20 орчим хүн тогтмол үзүүлж байна. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай. Үзлэгийн оочер 2-3 хоногийн хүлээгдэлтэй явж байна. Цаашдаа нэмж лабораторийн оношлууртай болох, үргүйдлийг төгс оношилж, эмчилгээ хийх, үргүйдлийг арилгах мэс заслын ажилбар хийх төлөвлөгөө, хэрэгцээ шаардлага бий.

Урьдчилан сэргийлэлт гэдэг аливаа өвчний төгс эмчилгээ гэж ярьдаг. Эрчүүд нь түрүү булчирхай, төмсөг, бөөр шээсний замын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд хэзээ ямар шинжилгээ өгөх хэрэгтэй вэ? 

Эрэгтэй хүүхдүүд 15-16 настайгаасаа эхлээд жилд нэг удаа урологийн эмчийн үзлэг хийлгэх хэрэгтэй. 50-60 болон 60 наснаас хойш зургаан сар тутамд урологийн цогц үзлэг хийлгэх шаардлагатай. Шээс дамжуулах зам, түрүү булчирхай, төмсөгний өөрчлөлт, үргүйдлэл, төмсөгний венийн судасны өргөсөл зэрэг түгээмэл тохиолдож буй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран үзлэгт орох нь маш чухал.

Залуу насандаа юу идэж ууж, ямар амьдралын хэв маягаар амьдрах нь нас ахихын цагт бие эрүүл мэндийн асуудлыг үүсгэдэг. Тэгэхээр залуу наснаасаа анхааран урьдчилан сэргийлэх аргуудыг хэлж өгөөч?

Залуучууд маш их замбараагүй бэлгийн амьдралтай байна. Мэргэжлийн эмчийн зөвлөгөө авалгүй өөрсдөө дур мэдэн эмчилдэг нь маш олон сөрөг үр нөлөөг авчирдаг. Манай улсын антибиотикийн замбараагүй хэрэглээ хяналтнаас гарчихсан. Эмийн сангууд дур мэдэн антибиотик зөвлөдөг, зардаг, хил гаалиар орж ирж буй хяналт нь ч муу байгаатай холбоотой. Ийм байдлаар цаашдаа үргэлжлээд л байвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний өөрчлөлт гарна.

10-15 жилийн өмнө бэлгийн замын халдварт өвчин авч байсан идэр насны залуучууд түрүү булчирхайн архаг үрэвсэлтэй болчихсон, дутуу эмчилснээс болж цочмог үе нь өнгөрөөд архаг хэлбэрт шилжээд түүнээс болж бэлэг эрхтний хөвчрөл байхгүй, хүүхэдтэй болж чадахгүй байгаа тохиолдол маш их байна. Аль болох 10 жилээс нь сургуулийн хөтөлбөрт бэлгийн зөв хүмүүжлийг дадал хэвшил болтол нь зааж сургах, бэлгэвчийг тогтмол хэрэглэх, бэлгийн ариун цэврийг маш сайн сахиж мөрдөх боловсрол мэдлэгийг олгох хэрэгтэй.

Мөн тамхидалт маш их байна. Түрүү булчирхай болон давсагны хорт хавдар үүсгэх маш том шалтгаан нь тамхи.

Тамхи татдаг хүн 20-30 жилийн дараа давсагны хорт хавдартай болно гэж ойлгох хэрэгтэй.

Тиймээс хорт зуршлуудаасаа салж, тогтмол үзлэг шинжилгээнд орж, бэлгэвч хэрэглэж сурахыг зөвлөе.

Урологийн чиглэлийн өвчин эмгэгийн эмчилгээний амжилт ямар байдаг вэ?  

Зөв цаг хугацаандаа буюу архагшуулахгүйгээр зөв эмчилгээ хийлгэвэл дахилт өгөхгүй төгс эмчлэгдэх боломжтой шүү. Өргөн хүрээний олон өвчин яригдах учир тус бүр дээр нь эмчилгээний хувийг хэлэх хэрэгтэй болно.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.